“ЭЛЧИН ТОВЧООН” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ.

Монгол Улсын Гадаад харилцааны төв архив, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны архивын газар хамтран бүтээсэн “Элчин товчоо” номын нээлт ГХЯ-нд өнөөдөр боллоо.

Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олны хүртээл болгож буй ном дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсад харилцан сууж байсан бүх Элчин сайдын үйл хэрэг, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах зорилготой юм.

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосноос хойш тус бүр 16 Элчин сайд харилцан суусан байна. Эдгээр Элчин сайдын түүхийг олон нийтэд таниулах нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлсэнтэй дүйцнэ гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн онцолсон юм.

2019 оны турш тэмдэглэж буй Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд 70 ажил өрнүүлсэн. Улс төр, нийгэм, эдийн засгаас эхлээд бүхий л салбарыг хамруулан хэрэгжүүлсэн энэхүү ажлуудын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхэжсэн гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэллээ.
Номын нээлтэд Монгол Улсаас БНХАУ-д сууж байсан Элчин сайд нар, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан дипломатуут оролцлоо. Үүгээр Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн 70 ажил дуусаж буй юм.