БНМАУ-ын Засгийн газраас 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус улсыг НҮБ-д элсүүлэх асуудлыг Аюулгүйн зөвлөл ба Ерөнхий ассамблейн 3-р бага хуралд дахин авч хэлэлцэхийг хүсч хоёр дахь удаагаа өргөдлөө НҮБ-д өгчээ.
1948 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д захидал илгээжээ. Уг захидалд: Парис хот. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгве Ли Танаа: НҮБ-ын гишүүнд элсэх тухай БНМАУ-аас 1948 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явуулсан хүсэлтийн дээр доор дурьдсан илэрхийлэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий ассамблейд уламжлан өгөхийг БНМАУ-ын Засгийн газрын өмнөөс Танд хүсэх завшаан надад тохиолдсон бөгөөд үүнд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн даалгавраар илэрхийлэх нь:
БНМАУ нь НҮБ-ын зорилго ба зарчмуудыг бүрэн зөвшөөрч, НҮБ-ын дүрмээс үндэслэн гарах бүх үүргүүдийг хүлээн авах бөгөөд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлсэн өдрөөс эхлэн тэдгээр үүргийг гуйвалтгүй биелүүлэхийг илэрхийлмуй” гэжээ.