Одоогийн Улаанбаатар зочид буудал байгаа дэвсгэрт байсан 2 давхар модон байшинд тухайн үеийн МАХН-ын Төв хороо, Засгийн газар байрлаж байсан байна. Энэ байшингийн 2-р давхарт Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам албан ажлаа явуулдаг байжээ.
Тухайн үеийн гадаад харилцааны ажлын онцлог байдлыг харгалзан 1932 оны 07 дугаар сарын 01-нд Улсын 17-р бага хурлаас БНМАУ-ын Ерөнхий сайд нь ГЯЯ-ны сайдыг хавсархаар шийдвэрлэж, төв аппаратыг цомхтгон зөвхөн гадаад харилцааны ажилд чиглүүлэн бусад аж ахуй үйлчилгээ, бичиг хэрэг зэрэг аппаратыг Засгийн газартай хавсаргажээ. Тиймээс 1930 онд зүүн сэлбийн баруун эрэг дээр барьсан Засгийн газрын хоёр давхар байшинд /одоогийн МУБИС/ 1930-1946 оны 11 дүгээр сарыг дуустал ГЯЯ байрлаж байсан бололтой.
1946 оноос ГЯЯ-ны конторын барилга, хот, Нүхт, Сонгинод зочдын байр тус бүр нэгийг барих ажил эхэлжээ.
Эдгээр байруудаас хотын зочдын байр /одоогийн ХБНГУ-ын ЭСЯ-ны байр/ түрүүлж ашиглалтад орсон тул 1946 оны 12 дугаар сарын эхээр Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд маршал Чойбалсангийн зөвшөөрсөний дагуу ГЯЯ нүүн орж конторлосон байна эхийг үзэх. /1-2-18-ху-9/.
1947 оны 10 сард одоогийн ГХЯ-ны байр /төв хэсэг/ ашиглалтад орсоноор энэхүү хотын тусгай байрыг Засгийн газрын шийдвэрээр Төмөр замд шилжүүлж, Сонгины тусгай байрыг Маршал Чойбалсангийн сануулсан ёсоор Үйлдвэрчний төв зөвлөлд мэргэжилтний амралт болгон ашиглуулахаар тус тус шилжүүлсэн байна. /ГХТА, х-1, д-2, хн-24, ху-11/
ГХЯ-ны яамны барилгыг төрөл, баригдсан хугацаагаар нь төв хэсэг, ажилтны орон сууц, баруун өргөтгөл хэмээн 3 хуваан ахмад дипломатч Г.Луузангийн бичсэн барилгын түүхийг нэмж баяжуулан бичсэн болно.